МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины нуруун дээр гарч байлаа

Сэтгүүлч
6 цагийн өмнө

Заамарчууд өнөө жил тун чиг одтой наадан одоогийн байдлаар нэг түрүү, хоёр айраг аваад байна. Тодруулбал шүдлэнгийн уралдаанд Ж.Түмэн-Өлзийн бор өнгөлж, М.Энхтайваны хөх бор айргийг гуравт хурдалсан. Хоёр дахь өдрийн уралдаанд улсын Алдарт уяач Чалхаагийн Уламбаяр хээр морио айргийн гуравт хурдлуулан амжилтын буухиаг үргэлжүүллээ. Алдарт баярын сэтгэгдлээ ийн хуваалцсан юм.

-Төрийн наадмаас ээлжит хишгээ хүртлээ. Баяр хүргэе.

-За баярлалаа. Хээр морь минь Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадамдаа айргийн гурваар давхисанд маш их баяртай байна. Нийт Заамарчуудадаа болон хээр морины минь унаган эзэн Уулсын Галаа ахдаа маш их баярлалаа. Уяа сойлгыг нь тааруулж өгсөн улсын Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очиртоо маш их баярлалаа. Унаач хүү Сарангэрэлийн Өлзийхүүдээ баярлалаа. Нийт галынхаа хамт олонд баярлалаа. Тогоочоос нь эхлээд Тод манлай хүртэл бүгдэд нь баярлалаа. Бид бүгдийн хамтын  хүч хөдөлмөрийн үр шим байлаа.

-Тийм шүү. Айрагдсан адууны хөлсөнд олон хүний хичээл зүтгэл шингэсэн байдаг.

-Хээр морь  маань соёолондоо Ламын гэгээний хурдад түрүүлж, Эрдэнэтийн бүсэд аман хүзүүнд хурдалсан. Энэ жил морь болоод улсынхаа баяр наадам айрагдлаа. Сайхан байна.

-Аргагүй хурдан буян юмаа.

-Хэлээд яахав. За ингээд төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа. Миний аав Чалхаа мөн л уяач хүн байсан. Би дөрвөн настай морины нуруун дээр гарч байлаа. Тэр цагаас хойш адуунаас холдсонгүй. Өнөөдөр аавынхаа нэрийг, нутаг усныхаа нэрийг зарлуулаад төрийн наадамд их насны морь айрагдууллаа. Үнэхээр сайхан байна. Төрийн наадамд морио айрагдуулахаас өөр сайхан юм гэж хаана байхав.

-Санал нэг байна. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. 

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна