Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруулчихаач...

А.Тэлмэн
9 цагийн өмнө

Ардын Хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Хамгийн өтгөн морддог хязаалан насанд өнөө жил 256 үрээ бүртгүүлснээс 195 нь гарааны зурхайгаас эргэн, 18 км зам туулж барианд орсон юм. Энэ уралдаанд  халтар халзан үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан 13 настай Бямбадоржийн Эрдэнэбилэг хүүтэй цөөн хором хөөрөлдлөө. 

-Бахархмаар сайхан. Халуун баяр хүргэе. 
-Баярлалаа. Сайхан наадаж байна уу.
-Сайхаан. Ийм баярт агшин тохионо хэмээн төсөөлж байв уу? 
-Халтар халзан маань уржинан даагандаа Архангай аймгийн 100 жилийн ойд айрагдаж байсан юм. Тиймээс айрагдах байх гэж бодсон. 
-Даага аман хүзүүнд хурдалж байсан билүү?
-Тийм. Өнөөдөр гараанаас 24, 25 хавьцаа гаргаад, өөрөөр нь зугуухан урагшлуулсаар эхний бөөн морьдон дээр авчирсан. Тэгээд дарж явсаар байгаад Цагаан хөтөл давуулаад хөдөлгөж, тав руу оруулсан. Халзан үрээ жигд давхилтай, суудаггүй адуу. 
-Түрүүлэх боломж байв уу? Уралдаан үзэж байхад их ойрхон яваа харагдсан. 

-Байсан, би уг нь зөв талд нь явж байсан чинь сая түрүүлдэг хүүхдийн морь ханарчихсан юм. Цагаан хөтөл давж орж ирээд  "“Бөмбөг”-өө ахыгаа нэг оруулчихаач" гээд халзан үрээтэйгээ ярьсан. /инээв/ Нэрийг нь “Бөмбөг” гэдэг юм. 
-Чиний хүсэлтийг ёсоор болгожээ. Ариунболд уяачийн морийг хэдэн жил унаж байна вэ? 
-2022 оноос эхлэн унаж байгаа. Өнгөрсөн жил "жил орж байгаа"гээд өнжсөн. 

-Бөмбөг халзантайгаа том наадамд хоёр айрагдаж. Өөр... 

-Архангайн 100 жилийн ойгоос хоёр авсан. 
-Энэ удаа улсын наадамд хэдэн насны морь унах вэ? 
-Өнөөдөр хязаалан унасан. Маргааш азарга, нөгөөдөр даага унана.

-Дахин уулзахын ерөөл өргөе. Амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Эрдэнэсүрэн 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна